← Нүүр хуудас

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11 сарын 19 · Хувилбар 1.10
Өмнөх хувилбарууд: 1.9 (2026-10-29), 1.8 (2026-10-28), 1.7 (2026-10-21), 1.6 (2026-10-20), 1.5 (2026-10-16), 1.4 (2026-10-08)

Энэхүү бодлого нь Тов вэбсайт (tov.best), Тов гар утасны апп болон дэмжлэгийн үйлчилгээг ашиглах үед хувь хүний мэдээллийг ямар зорилгоор цуглуулж, ашиглаж, дамжуулж, хадгалж, хамгаалдаг болон та мэдээллийн эзний хувьд эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг тайлбарлана. Үйлчилгээ эрхлэгч (цаашид «Вендор») өөрийн үйлчилгээний хүрээнд тусад нь мэдээлэл ашиглавал түүнд мөн холбогдох хууль, үүрэг үйлчилнэ.

Энэ бодлого үйлчлүүлэгч, Вендор, Вендорын ажилтан болон мэдээллийг нь бусад хүн Тов-д оруулсан хүмүүст (жишээ нь бэлгийн картын хүлээн авагч, Вендорын утсаар эсвэл биечлэн бүртгэсэн үйлчлүүлэгч) хамаарна. Тов-ын борлуулалтын агентуудын хувийн мэдээллийг тэдэнтэй байгуулсан гэрээнд заасны дагуу боловсруулна.

1. Тов ба холбоо барих

Тов бол цаг захиалгын платформ (цаашид «Тов» эсвэл «бид»). Энэ бодлогод заасан платформын мэдээлэл боловсруулалтыг Тов хариуцна. Хувийн мэдээллийн хүсэлт болон бусад асуултаа support@tov.best хаягаар илгээнэ үү.

Тов платформын данс, захиалгын ажиллагаа, аюулгүй байдал болон өөрийн тооцооны зорилгоор мэдээлэл ашиглана. Вендор өөрийн үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчтэй харилцах болон хууль ёсны бүртгэл хөтлөх зорилгоор ашиглаж буй мэдээллээ өөрөө хариуцна. Вендорын өөрийн үйлчлүүлэгчийн тухай хөтөлсөн тэмдэглэл, гараар бүртгэсэн захиалга, ажилтан болон цагийн бүртгэлийн мэдээллийг Вендор хариуцаж, Тов зөвхөн Вендорын өмнөөс хадгалж боловсруулна. Вендорын гараар бүртгэсэн захиалга таны Тов дахь бүртгэлд харагдах хэсгийг Тов хариуцна.

2. Цуглуулах мэдээлэл

Бид тухайн боломжийг ажиллуулахад шаардлагатай мэдээллийг л цуглуулна. Доорх бүх мэдээлэл хэрэглэгч бүрээс цуглардаг гэсэн үг биш — таны ашигласан боломж, үүрэг болон зөвшөөрлөөс хамаарна.

  • Бүртгэл ба нэвтрэлт: нэр, утасны дугаар, өгсөн бол и-мэйл хаяг, нууц үгийн хэш (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй), SMS-ээр илгээсэн нэвтрэх кодын бүртгэл, утасны дугаар SMS кодоор баталгаажсан огноо. Бүртгэлгүйгээр захиалга хийхэд нэр, утасны дугаар хадгалагдана. Нөхцөл, бодлоготой танилцсан тэмдэглэлийг 4-р хэсэгт заасан.
  • Захиалга: Вендор, үйлчилгээ, ажилтан, огноо, цаг, үнэ, урьдчилгаа, захиалах үед танд харуулсан цуцлалтын нөхцөл, захиалах үед мөрдөж байсан Вендорын дүрэм («Дүрэм») болон Үйлчилгээний нөхцөлийн хувилбар, төлөв, өөрчлөлт, цуцлалт, таны бичсэн тэмдэглэл.
  • Вендорын бүртгэсэн захиалга: Вендор утсаар эсвэл биечлэн авсан захиалгаа Тов-д бүртгэхдээ таны нэр, утасны дугаар, өөрийн тэмдэглэлийг оруулж болно. Энэ мэдээллийг Вендор хариуцна (1-р хэсэг); Тов түүнийг Вендорын даалгавраар хадгалж, тухайн захиалгын мэдэгдлийг тэр дугаарт илгээнэ. Вендор гараар бүртгэсэн захиалгадаа зөвхөн өөрийн бичсэн нэрийг харна — таны Тов-д бүртгүүлсэн нэр зөвхөн та тухайн Вендорт өөрөө захиалга өгсөн бол түүнд харагдах бөгөөд бусад Вендорт хийсэн захиалга тань харагдахгүй. Ийм захиалга тухайн утасны дугаартай Тов-ын бүртгэлд холбогдох тул та тэр дугаараар бүртгүүлэх эсвэл нэвтрэхэд таны түүхэнд харагдах бөгөөд бүртгэлээ устгах замаар (8-р хэсэг) устгуулж болно. Ийм мэдэгдэл авахгүй байх бол тэр дугаараар нэвтэрч мэдэгдлийн тохиргооноосоо унтраах, эсвэл утасны дугаараа бичиж support@tov.best хаягаар хүсэлт гаргана уу; нэвтрэх код, аюулгүй байдал, бэлгийн карт, багцын мөнгө, Вендор гарсан тухай, таны бүртгэлийн талаарх шийдвэр зэрэг Үйлчилгээний нөхцөлийн 6-р хэсэгт заасан унтраах боломжгүй мэдэгдэл үргэлжлэн очно.
  • Төлбөрийн бүртгэл: нэхэмжлэхийн дугаар, дүн, төлөв, гүйлгээний лавлагаа, буцаалтын бүртгэл. Банкны нэвтрэх нууц үг, PIN, картын дугаарыг Тов-д өгөх шаардлагагүй — эдгээрийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн системд боловсруулна.
  • Бэлгийн карт ба багц: худалдан авсан карт, багц, дүн, үлдэгдэл, эрхийн тоо; бэлгийн картын хүлээн авагчийн нэр, утасны дугаар, таны бичсэн захиас — кодыг захиасын хамт хүлээн авагчид SMS-ээр илгээхэд ашиглана. Эрүүл мэндийн чиглэлийн Вендорын картын SMS-д захиас орохгүй (5-р хэсэг). Хүлээн авагчийн нэр, утсыг түүний зөвшөөрөлтэйгээр оруулна уу. Тов энэ утсыг кодыг илгээх болон тухайн картын талаарх мэдэгдэл (жишээ нь картыг гаргасан Вендор Тов-оос гарсан тухай) хүргэхэд л ашиглана.
  • Вендор ба ажилтан: бизнесийн нэр, эзэмшигчийн нэр, утас, и-мэйл, хаяг, дүүрэг, газрын зураг дээрх цэг, үйлчилгээ, үнэ, ажлын цаг, зураг, тайлбар, захиалахаас өмнө харуулах дүрэм («Дүрэм»); Вендорын сонгосон богино хаяг (tov.best/<нэр>) болон түүний өмнө ашиглаж байсан нэр; «Messenger-ээр асуух» товчинд холбосон Вендорын Facebook хуудасны нэр; Вендор оруулбал платформ ашиглах гэрээний тал болох хуулийн этгээдийн буюу иргэний нэр, регистрийн дугаар (нийтэд харагдахгүй); ажилтны нэр, албан тушаал, зураг, танилцуулга, мэргэшил, туршлага, ирц бүртгэх ПИН кодын хэш.
  • Вендорын төлбөр хүлээн авах мэдээлэл (Вендор урьдчилгаа, бэлгийн карт, багцын төлбөр авахаар дансаа бүртгүүлбэл): байгууллагын эсвэл иргэний регистрийн дугаар, эзэмшигчийн регистрийн дугаар, овог, нэр, банк, дансны дугаар, дансны нэр; Тов-д QPay-д бүртгүүлэх, эдгээрийг QPay-д илгээхийг маягт дээр зөвшөөрсөн огноо, зөвшөөрлийн хувилбар, суваг (вэб/апп).
  • Вендорын үйлчлүүлэгчийн тэмдэглэл: Вендор өөрийн үйлчлүүлэгчийн тухай үйлчилгээний дотоод тэмдэглэл хөтөлж болно. Харшил, эрүүл мэндийн мэдээлэл үүнд орохгүй — 11-р хэсгийг үзнэ үү.
  • Сэтгэгдэл ба дэмжлэг: үнэлгээ, бичсэн сэтгэгдэл, сэтгэгдэл эсвэл бизнесийн талаар илгээсэн мэдээлэл, таны блоклосон хэрэглэгч, бизнес, гомдол болон дэмжлэгтэй хийсэн харилцаа. Үнэлгээ, сэтгэгдэл нийтэд харагдана — доорхыг үзнэ үү.
  • Бүртгэлийн талаарх шийдвэр: Тов таны онлайнаар цаг захиалах эсвэл сэтгэгдэл бичих эрхийг хаасан, эсвэл сэтгэгдлийг тань хассан бол тэр шийдвэр, түүний шалтгаан. Тов Вендорын дүрмийг хассан бол хассан дүрэм, үндэслэл, админы тэмдэглэл, хэн, хэзээ хассан.
  • Хайлт ба үзэлт: хайлтад бичсэн үг, сонгосон ангилал, шүүлтүүр, ямар Вендорын хуудсыг үзсэн. Хайлтын бүртгэлд таны данс холбогддоггүй; Вендорын хуудас үзсэн бүртгэлд ч холбогддоггүй. Нэг төхөөрөмжөөс нэг өдөр давхар тоолохгүйн тулд өдөр бүр солигддог түлхүүрээр хувиргасан тэмдэглэгээ хадгалагдах ба тэр түлхүүр өдөр өнгөрөхөд устдаг тул бүртгэлийг таны төхөөрөмж эсвэл өөр өдрийн бүртгэлтэй холбох боломжгүй.
  • Техникийн мэдээлэл: IP хаяг, төхөөрөмж ба хөтчийн төрөл, нэвтрэлт болон алдааны лог.

Нийтэд харагдах мэдээлэл. Дараах мэдээллийг Тов-ын вэбсайт, апп дээр хэн ч харах боломжтой: таны бичсэн үнэлгээ, сэтгэгдэл, түүнд Вендорын өгсөн хариу — таны профайлын нэр болон захиалсан үйлчилгээний нэртэй; Вендорын бизнесийн нэр, хаяг, газрын зураг дээрх байршил, утас, ажлын цаг, үйлчилгээ, үнэ, зураг, тайлбар, дүрэм, богино хаяг (tov.best/<нэр>), «Messenger-ээр асуух» товчоор нээгдэх Facebook хуудас; Вендорын нийтэлсэн ажилтны нэр, албан тушаал, зураг, танилцуулга, мэргэшил, туршлага. Эзэмшигч нь баталгаажуулаагүй газрын зөвхөн нэр, ангилал, дүүрэг, газрын зураг дээрх цэг харагдана (11-р хэсэг). Таны утасны дугаар, и-мэйл, захиалгын түүх, тэмдэглэл болон Вендорын эзэмшигчийн хувийн нэр нийтэд гарахгүй, хайлтаар ч олдохгүй. Профайлын нэрээ хүссэн үедээ өөрчилж болох бөгөөд сэтгэгдэл тань шинэ нэрээр харагдана. Сэтгэгдлээ устгуулах хүсэлтийг support@tov.best хаягаар гаргана уу.

3. Байршил, зураг, мэдэгдэл, календарь

Эдгээр мэдээлэл тухайн боломжийг ашигласан, зөвшөөрсөн эсвэл холбосон үед л цуглана.

  • Төхөөрөмжийн байршил (зөвхөн та зөвшөөрвөл): ойролцоох Вендорыг олж, зайг тооцоолоход ашиглана. Таны яг байршлыг дансанд тань бичихгүй, байршлын түүх үүсгэхгүй; хүсэлтэд дамжсан байршил сервер дээрх техникийн логт IP хаягийн хамт түр үлдэж болно. Байршилтай хайлт хийхэд утасны тодорхойлсон яг цэгийг хадгалахгүй: сервер солбицлыг санаатайгаар тоймлон (Улаанбаатарт ойролцоогоор 1 × 0.75 км хэмжээтэй хэсэг болгон) бүдүүлэг болгож, хайлтын бүртгэлд данс холбоогүйгээр хадгална — энэ нь аль бүсэд үйлчилгээ дутагдаж байгааг харахад л ашиглагдана. Зөвшөөрөл өгөхгүй байж болно; апп хэвийн ажиллана.
  • Вендорын байршил: Бизнесийн цэгийг Вендор бүртгүүлэхдээ эсвэл хаяг солих хүсэлтээрээ (Тов-ын админ шалгаж баталгаажуулна), эсвэл Тов-ын агент газрын зураг дээр тэмдэглэнэ; Тов-д хараахан нэгдээгүй газрын лавлах мэдээллийн эх сурвалжийг 11-р хэсэгт заасан. Цэгийг хэн тавьсныг Тов бүртгэнэ. Цэг Тов-ын өгөгдлийн санд хадгалагдаж, зөвхөн Тов дээр харагдана — Google Maps зэрэг гадны газрын зурагт нэмэгдэхгүй.
  • Зураг: Вендор бизнесийнхээ болон ажилтныхаа зургийг, Тов-ын агент эзэмшигчийн зөвшөөрлөөр бизнесийн байрны зургийг (хүн, баримт бичиг оруулахгүйгээр) сонгож оруулна; ирцийн зургийг Вендорын тохиргоо шаардсан үед ажилтан ирц бүртгэхдээ авна — энэ боломж одоогоор хаалттай (доорх цагийн бүртгэл). Хэрэглэгч Тов-д зураг оруулдаггүй. Зургийн сангийн бусад зурагт хандахгүй. Оруулсан зураг бүрээс байршил, утасны загвар, авсан цаг зэрэг мета мэдээллийг (EXIF, XMP г.м.) болон зургийн файлд залгасан нэмэлт зураг, бичлэгийг (жишээ нь хөдөлгөөнт зургийн видео) хадгалахаас өмнө хасна. Тов апп зөвхөн хөдөлгөөнгүй зураг авна; дуу, видео бичихгүй.
  • Ажилтны цагийн бүртгэл (Вендор идэвхжүүлбэл): ажилтан «Ирсэн», «Явсан» дарах мөчид цаг бүртгэгдэнэ. Байршлыг Вендорын тохиргоо шаардсан үед л авна: Вендор байршил заавал бүртгэхээр тохируулсан бол ирсэн, явсан бүрт; бизнесийн цэг тэмдэглэгдсэн, цэгээс хол байхад ирц бүртгэхгүй байх тохиргоо (анхдагчаар асаалттай) асаалттай бол ирэх үед. Тэр мөчийн байршлыг нэг удаа авч, бизнесийн цэг хүртэлх зай, байршлын нарийвчлалын хамт хадгална; товч дарах мөчөөс бусад үед байршил авахгүй, арын горимд хянахгүй. Вендор зураг, байршилгүйгээр бүртгэхээр тохируулсан ажилтнаас аль алийг нь авахгүй. Ирцийн зураг шаардах боломж одоогоор хаалттай: Тов ирцийн шинэ зураг авахгүй, апп илгээсэн ч хадгалахгүй. Энэ боломж нээгдвэл Вендорын тохиргоо шаардсан үед товч дарах бүрт урд камераар нэг зураг авна; ажилтан татгалзвал түүнээс зураг авахгүй, ирцийг нь менежер зураггүйгээр бүртгэнэ. Зургаас байршил зэрэг техникийн мета мэдээллийг хадгалахаас өмнө арилгана. Тов ирцийн зургийг нүүр царай таних, биометрик загвар гаргах, сурталчилгааны зорилгоор ашиглахгүй, дуу болон видео бичихгүй; зургийг зөвхөн хүн нүдээр харж шалгана. Ирцийн зураг нийтэд нээлттэй холбоосоор харагдахгүй — зөвхөн нэвтэрсэн Вендор, тухайн ажилтан болон Тов-ын админ үзнэ. Вендор болон Тов-ын админ зураг үзсэн бүрийг Тов бүртгэнэ. Зураг болон байршлын яг солбицол 7-р хэсэгт заасан хугацааны дараа автоматаар устах ба ирсэн, явсан цаг, завсарлага, зай Вендорын бүртгэлд үлдэнэ. Вендор бүртгэлээ устгахад тухайн бизнест бүртгэгдсэн ирц бүхэлдээ устна (8-р хэсэг). Энэ мэдээллийг ажил олгогч Вендор хариуцаж, Тов түүний даалгавраар боловсруулна (1-р хэсэг).
  • Мэдэгдэл: push мэдэгдлийн төхөөрөмжийн токен буюу хөтчийн захиалга. Та Messenger-ээ өөрөө холбосон бол тухайн платформын өгсөн таны таних дугаар (нэр, найзын жагсаалт, захидал биш).
  • Google Calendar (зөвхөн Вендор, өөрөө холбовол): Google-ээс хүсэх эрх (calendar.events) нь календарийн үйл явдлыг унших, бичих боломж олгодог ч Тов үүнийг зөвхөн захиалгын үйл явдлыг үүсгэх, засах, устгахад ашиглана. Холболтыг хүссэн үедээ салгаж болно.
  • «Календарьт нэмэх» (зөвхөн та дарвал): ирэх захиалгынхаа энэ товчийг дарахад Android утсанд (апп болон хөтөч) Google Calendar-ын үйл явдал нэмэх хуудас бизнесийн нэр, үйлчилгээ, хаяг, цаг, захиалгын код, Вендорын утастай бөглөгдөж нээгдэнэ; бусад төхөөрөмжид ижил мэдээлэлтэй календарийн файл (.ics) tov.best-ээс нээгдэнэ. Эрүүл мэндийн чиглэлийн Вендорын (5-р хэсэг) захиалгад зөвхөн «Тов: захиалга», цаг, захиалгын код орно. Таны нэр, утасны дугаар аль алинд нь орохгүй. Тов таны календарьт хандахгүй, юу ч уншихгүй; үйл явдлыг хадгалах эсэхийг та календарь дотроо шийднэ.

4. Зорилго ба хууль ёсны үндэслэл

Бид мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан дараах үндэслэлээр боловсруулна:

  • Гэрээ байгуулах, гүйцэтгэх: бүртгэл, нэвтрэлт, захиалга (эрүүл мэндийн чиглэлийн газарт хийсэн захиалга орно), урьдчилгаа, буцаалт, захиалгын мэдэгдэл, дэмжлэг, Вендорын Тов-д төлөх 30 хоногийн төлбөр, данс болон платформын аюулгүй байдал, залилангаас хамгаалах.
  • Хуульд заасан үүрэг: татвар, нягтлан бодох бүртгэл, эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлага.
  • Таны зөвшөөрөл: төхөөрөмжийн байршил, push мэдэгдэл, Messenger холбох, Вендорын Google Calendar холбох.
  • Таныг таних боломжгүй болгосон статистик: данс, төхөөрөмж холбоогүй, бүдүүвчилсэн хайлтын бүртгэл болон Вендорын хуудас үзсэн нийт тоо.

Вендор өөрийн үйлчлүүлэгчийн тухай хөтөлсөн тэмдэглэл, гараар бүртгэсэн захиалга, ажилтныхаа ирцийн мэдээллийг хариуцна (1-р хэсэг); тэдгээрийн хууль ёсны үндэслэлийг Вендор хангаж, Тов Вендорын даалгавраар боловсруулна.

Та зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхтэй. Татгалзвал зөвхөн тухайн сонголтот боломж хаагдаж, бусад үйлчилгээ хэвээр ажиллана. Сонголтот боломжийн зөвшөөрлөө утасны тохиргоо, аппын тохиргоо эсвэл support@tov.best хаягаар цуцалж болно. Цуцлалт нь өмнө хийгдсэн хууль ёсны боловсруулалт болон хуулиар хадгалах бүртгэлийг хүчингүй болгохгүй. Шинэ зорилгоор мэдээлэл ашиглах бол түүний үндэслэлийг дахин тогтоож, шаардлагатай зөвшөөрлийг ашиглахаас өмнө авна. Зөвхөн энэ хуудсыг сольсон нь шинэ зорилгын зөвшөөрлийг орлохгүй.

Бүртгүүлэх, SMS кодоор нэвтрэх, бизнесээ бүртгүүлэх эсвэл идэвхжүүлэх үед, эсвэл тэр үед тэмдэглээгүй бол дараа нэвтрэх үед та Үйлчилгээний нөхцөл болон энэ бодлогын тухайн хувилбартай танилцсанаа тэмдэглэнэ; хэрэглэгч мөн нөхцөлийг зөвшөөрч, 18 нас хүрснээ баталгаажуулна. Бид таны тэмдэглэсэн хувилбар, текстийн тоон хэвлэмэл, огноо, суваг (вэб, iOS, Android), IP хаяг, төхөөрөмж ба хөтчийн мэдээлэл, утасны дугаар баталгаажсан эсэхийг хадгална. Энэ тэмдэглэлийг хадгалах хугацааг 7-р хэсэгт заасан.

5. Мэдээлэл хүлээн авагчид

Бид хувийн мэдээллийг худалдахгүй. Дараах этгээдэд тухайн зорилгод шаардлагатай хэмжээгээр л дамжуулна:

  • Таны захиалсан Вендор ба түүний ажилтан: захиалгыг гүйцэтгэхэд шаардлагатай нэр, утас, үйлчилгээ, цаг, захиалгын төлөв. Вендор тохиргоогоороо унтраагаагүй бол таны захиалгад оноогдсон ажилтан цагийн бүртгэлдээ ПИН-ээрээ нэвтэрч, тухайн өдөр болон маргаашийн захиалгынхаа цаг, үйлчилгээ, төлөв, таны нэр, утасны дугаарын сүүлийн 4 оронг харна; тэмдэглэл, үнэ, төлбөр, и-мэйл харагдахгүй; цуцлагдсан болон ирээгүй гэж тэмдэглэсэн захиалгад таны нэр, утас харагдахгүй. Бэлгийн карт авсан бол тухайн Вендор бэлгийн картын хүлээн авагчийн нэрийг харна; багц авсан бол таны нэрийг зарсан багцынхаа жагсаалтад харна. Бусад Вендорт таны захиалгын түүхийг нээхгүй.
  • Төлбөрийн байгууллага: QPay болон SocialPay — нэхэмжлэх үүсгэх, төлбөр шалгах, буцаахад шаардлагатай дүн, лавлагаа. Үйлчлүүлэгчийн урьдчилгаа, бэлгийн карт, багцын төлбөрийг QPay-ийн QR-аар Вендорын дансанд шууд төлнө. Тов-ын өөрийн QPay, SocialPay-ээр зөвхөн Вендорын Тов-д төлөх төлбөр (30 хоногийн төлбөр; нэмэлт суудлынхыг зөвхөн QPay-ээр) төлөгдөнө; өмнө нь тэдгээрээр төлсөн төлбөрийг шалгах, буцаахад мөн ашиглана. Вендор урьдчилгаа, бэлгийн карт, багцын төлбөр авахаар дансаа бүртгүүлбэл түүний регистрийн дугаар, эзэмшигчийн регистрийн дугаар, овог нэр, дансны мэдээлэл, бизнесийн нэр, хаяг, утас, и-мэйлийг QPay-д худалдаа эрхлэгчийн (merchant) бүртгэл үүсгэхэд дамжуулна.
  • Мэдэгдэл илгээх үйлчилгээ: и-мэйл (Twilio SendGrid), SMS (CallPro-ийн SMS илгээх үйлчилгээгээр, Монголын үүрэн холбооны сүлжээгээр), push мэдэгдэл (апп-д Expo эсвэл Google Firebase Cloud Messaging, Apple Push Notification service; вэбэд таны хөтчийн push үйлчилгээ). Хүргэх хаяг, токеноос гадна мэдэгдлийн агуулга (жишээ нь бизнесийн нэр, үйлчилгээ, захиалгын цаг, цуцлахдаа бичсэн шалтгаан) дамжина. Эрүүл мэндийн мэдээллийг хамгаалахын тулд эрүүл мэндийн чиглэлийн Вендорын (үндсэн эсвэл нэмэлт ангилал нь шүдний эмч, нүдний эмч, эмэгтэйчүүдийн эмч, сэтгэл засал, физик эмчилгээ, хоолны зөвлөгч) захиалгын мэдэгдэлд аль ч сувгаар бизнесийн нэр, хаяг, утас, үйлчилгээ, ажилтан, үйлчлүүлэгчийн нэр, тэмдэглэл, цуцлах шалтгаан орохгүй — огноо, цаг, захиалгын код, төлбөрийн дүн л орж, дэлгэрэнгүйг апп эсвэл Тов-ын вэб хуудаснаас харна. Энэ дүрэм үйлчлүүлэгч болон Вендорт очих мэдэгдэл, захиалга баталгаажсан тухай и-мэйлд хавсаргах календарийн файлд адил үйлчилнэ. Ийм Вендорын хувьд мөн: бэлгийн картын хүлээн авагчид очих SMS-д бизнесийн нэр, худалдан авагчийн захиас; бэлгийн карт, багцын төлбөрийн нэхэмжлэхийн утгад (банкны апп дээр харагдана) бизнесийн нэр, үйлчилгээ; Вендор бэлгийн карт, багцын мөнгийг буцаасан тухай мэдэгдэлд бизнесийн нэр орохгүй.
  • Апп шинэчлэлт: Android, iOS апп нээгдэх бүрт шинэ хувилбар байгаа эсэхийг Expo-ийн шинэчлэлтийн серверээс шалгана. Үүнд төхөөрөмжийн IP хаяг, үйлдлийн систем, апп-ын хувилбар, суулгацын таних дугаар очно; таны нэр, утас, данс орохгүй.
  • Messenger (зөвхөн өөрөө холбовол): энэ сувгийг сонгосон хэрэглэгчийн захиалгын мэдэгдлийг Meta Platforms-ын үйлчилгээгээр илгээнэ.
  • «Messenger-ээр асуух» (зөвхөн та дарвал): Вендор Facebook хуудсаа холбосон бол түүний хуудсанд энэ товч гарна. Дарахад таны төхөөрөмж Meta Platforms-ын Messenger-ийг нээж, тухайн Вендорын өөрийн Facebook хуудастай шууд холбоно. Тов зөвхөн хуудасны нэрийг хадгалах бөгөөд энэ товчоор таны мэдээллийг Meta-д илгээхгүй, тэр харилцааг харахгүй, дамжуулахгүй, хадгалахгүй. Messenger-ийн харилцаанд Meta-гийн нөхцөл, нууцлалын бодлого үйлчилж, Вендорт бичсэн зүйлээ та болон Вендор хариуцна. Эрүүл мэндийн мэдээллээ Messenger-ээр бичихгүй байхыг хүсье (11-р хэсэг).
  • Google Calendar-ын «үйл явдал нэмэх» хуудас (зөвхөн та дарвал): Android дээр «Календарьт нэмэх»-ийг дарахад таны хөтөч 3-р хэсэгт заасан захиалгын мэдээллийг (таны нэр, утасгүйгээр) Google-д шууд илгээнэ.
  • Газрын зураг: Вендорын байршлыг харуулахад Google Maps (вэб, Android) болон Apple Maps (iOS) ашиглана. Газрын зураг ачаалахад тухайн үйлчилгээ таны төхөөрөмжийн IP хаягийг хүлээн авдаг. Android апп-ын Google Maps SDK-гийн Google-д илгээдэг бусад мэдээллийг 6-р хэсэгт заасан.
  • Google Calendar: өөрөө холбосон Вендорын захиалгын үйл явдал. Эрүүл мэндийн чиглэлийн Вендорын үйл явдалд үйлчилгээ, үйлчлүүлэгчийн нэр, утас орохгүй.
  • Дотоод санхүүгийн тулгалт: Вендорын 30 хоногийн төлбөр, хугацааг банкны хуулгатай тулгахад Тов өөрийн Google Workspace-ийн Google Sheets хүснэгтийг ашиглана. Үүнд бизнесийн нэр, төлөв, төлбөрийн огноо, дүн, гүйлгээний утга, хариуцсан агентын нэр орно. Хэрэглэгчийн мэдээлэл, утасны дугаар, регистрийн дугаар, дансны дугаар, и-мэйл орохгүй.
  • Hosting ба алдааны оношилгоо: сервер болон өгөгдлийн сан нь Datacom (Монгол Улсын hosting үйлчилгээ үзүүлэгч) дээр ажиллана. Серверийн алдааг оношлоход Sentry үйлчилгээ ашиглаж болох бөгөөд ийм үед алдаанд хавсрах хүсэлтийн мэдээллээс нууц үг, токен, код, ПИН, утас, и-мэйл, нэр, хаяг, байршил, хайлтын үг, тэмдэглэл, сэтгэгдэл, захиас, цуцлах шалтгаан, регистрийн дугаар, банкны дансны мэдээллийг хасаж, хэрэглэгчийн дугааргүйгээр илгээнэ.
  • Хууль эрх зүйн шаардлага: хуульд заасан үндэслэл, эрх хэмжээ бүхий байгууллагын албан ёсны шаардлагаар. Шаардлагын хүрээг нягталж, хууль зөвшөөрсөн тохиолдолд танд мэдэгдэнэ.

Одоогоор вэбсайт болон аппад сурталчилгааны пиксель (Meta Pixel г.м.) болон гуравдагч талын аналитик ашиглаагүй байна. Ашиглаж эхлэхээс өмнө энэ бодлогыг шинэчилж, шаардлагатай зөвшөөрлийг авна.

6. Гадаад улсад дамжуулах

Дараах үйлчилгээ үзүүлэгчдийн сервер Монгол Улсаас гадна (голчлон АНУ, Европын холбоонд) байрладаг. Тэдгээрт зөвхөн доорх мэдээлэл, зөвхөн тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр очно:

  • Push мэдэгдэл — Expo, Apple Push Notification service, Google Firebase Cloud Messaging (апп), таны хөтчийн push үйлчилгээ (вэб): төхөөрөмжийн токен, мэдэгдлийн текст.
  • Апп шинэчлэлт — Expo: апп нээгдэх бүрт шинэ хувилбар шалгахад төхөөрөмжийн IP хаяг, үйлдлийн систем, апп-ын хувилбар, суулгацын таних дугаар.
  • И-мэйл — Twilio SendGrid: и-мэйл хаяг, мэдэгдлийн текст, хавсаргасан календарийн файл (и-мэйл хаягаа өгсөн бол л).
  • Messenger — Meta Platforms: зөвхөн та өөрөө холбосон бол таны Messenger дугаар, захиалгын мэдэгдэл. Холболтоо хүссэн үедээ салгаж болно. «Messenger-ээр асуух»-ыг дарвал таны төхөөрөмж Meta-д шууд хандана; Тов юу ч дамжуулахгүй (5-р хэсэг).
  • Google Calendar (таны календарь) — Android дээр «Календарьт нэмэх»-ийг дарвал л: бизнесийн нэр, үйлчилгээ, хаяг, цаг, захиалгын код, Вендорын утас (эрүүл мэндийн чиглэлийн Вендорынх бол зөвхөн цаг, захиалгын код); таны нэр, утас орохгүй (3-р хэсэг).
  • Google Calendar — Вендор өөрийн календарийг холбосон бол тухайн Вендорт хийсэн захиалгын үйл явдал (цаг, хаяг, үйлчилгээ, үйлчлүүлэгчийн нэр, утас, захиалгын код; эрүүл мэндийн чиглэлийн Вендорын үйл явдалд үйлчилгээ, үйлчлүүлэгчийн нэр, утас орохгүй). Вендор холболтоо хүссэн үедээ салгаж болно.
  • Google Workspace (Sheets) — Вендорын Тов-д төлсөн 30 хоногийн төлбөрийг банкны хуулгатай тулгах хүснэгт (5-р хэсэг); үйлчлүүлэгчийн мэдээлэл орохгүй.
  • Алдааны оношилгоо — Sentry (ашиглаж байгаа үед): 5-р хэсэгт заасан мэдээллийг хассан техникийн мэдээлэл.
  • Газрын зураг — Google Maps (вэб, Android), Apple Maps (iOS): газрын зураг ачаалахад таны төхөөрөмж тухайн үйлчилгээнд шууд хандаж, IP хаягаа өгнө. Android апп-д газрын зургийг харуулдаг Google Maps SDK үүнээс гадна төхөөрөмжийн загвар, үйлдлийн системийн хувилбар, SDK-гийн хувилбар, SDK-гийн алдаа, гацалтын оношилгооны мэдээлэл, газрын зургийг хөдөлгөж, томруулсан үйлдэл болон Google-ийн өөрийн үүсгэдэг, нэр нь үл мэдэгдэх SDK таних дугаарыг Google-д илгээнэ; Google эдгээрийг SDK-гаа сайжруулах, хэрэглээг нь тоолоход ашигладаг гэж мэдүүлсэн. Таны нэр, утасны дугаар, захиалга үүнд орохгүй. Вэб дээр Google Maps газрын зурагт ашиглах үсгийн хэвээ мөн Google-ээс татна; Тов-ын хуудас өөрөө Google-ээс үсгийн хэв татахгүй.

Эрүүл мэндийн чиглэлийн Вендорын захиалгын мэдэгдэлд бизнесийн нэр, хаяг, үйлчилгээ, хүний нэр бичихгүй (5-р хэсэг). Захиалгын SMS Монголын үүрэн холбооны оператороор дамжина. Сонголтот сувгийг (push, и-мэйл, Messenger, Google Calendar) ашиглахгүй байхаар сонгосноор тэдгээр рүү очих дамжуулалтаас татгалзаж болно.

7. Хадгалах хугацаа

  • Дансны мэдээлэл: данс идэвхтэй байх хугацаанд. Данс устгахад 8-р хэсэгт зааснаар шууд арилна.
  • Захиалга, төлбөр, буцаалтын бүртгэл: Вендор болон Тов-ын санхүүгийн бүртгэл тул хуульд заасан хугацаанд хадгална. Данс устгасны дараа таны нэр, холбоо барих мэдээллээс салгагдана.
  • Вендорын тэмдэглэл: Вендор хүссэн үедээ засаж, устгаж болно. Үйлчлүүлэгч эсвэл тухайн Вендор бүртгэлээ устгахад устна.
  • Вендорын дүрэм: Вендор хүссэн үедээ засаж, устгаж болно; Вендор бүртгэлээ устгахад устна. Захиалгад хадгалсан хуулбар нь захиалгын бүртгэлийн хамт хадгалагдана. Тов хассан дүрмийн бүртгэлийг (хассан текст, үндэслэл, админы тэмдэглэл, хэн, хэзээ) маргаанд хариулахад хадгална; Вендор бүртгэлээ устгахад хассан текст, тэмдэглэл устаж, үндэслэл, хэн, хэзээ хассан нь үлдэнэ.
  • Богино хаяг ба Messenger хуудасны нэр: Вендор хүссэн үедээ сольж, хасаж болно. Сольсон эсвэл хассан нэр 90 хоногийн турш тухайн бизнесийн хуудас руу шилжүүлсээр, энэ хугацаанд өөр бизнест олгогдохгүй; нэг бизнес ийм нэрийг хамгийн ихдээ 2-ыг хадгалж, түүнээс хуучныг нь шууд чөлөөлнө. Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн эсвэл бусдын эрх зөрчсөн нэрийг Тов ашиглагдаж байхад нь ч, энэ хугацаа дуусахаас өмнө ч чөлөөлж болно. Вендор бүртгэлээ устгахад богино хаяг, хуучин нэрс, Facebook хуудасны нэр устаж, нэр бусдад шууд чөлөөтэй болно.
  • Вендорын төлбөр хүлээн авах мэдээлэл: Вендорын бүртгэл идэвхтэй байх хугацаанд. Бүртгэлээ устгахад регистрийн дугаар, эзэмшигчийн нэр, дансны мэдээлэл арилна (үйлчлүүлэгчдэд өгөх ёстой зүйл үлдсэн бол регистр, эзэмшигчийн нэрийг доорх «Гарсан Вендорын холбоо барих мэдээлэл»-д заасны дагуу хадгална; дансны мэдээлэл ямагт арилна).
  • Галерей ба ажилтны зураг: Вендорын бүртгэл идэвхтэй байх хугацаанд. Вендор бүртгэлээ устгахад файлтай нь хамт устна.
  • Ажилтны мэдээлэл: Вендорын бүртгэл идэвхтэй байх хугацаанд. Вендор бүртгэлээ устгахад ажилтан бүрмөсөн устна; харин захиалга (эсвэл өөр салбарт ирц) бүртгэгдсэн ажилтны нэр «Устгасан ажилтан» болж, зураг, танилцуулга, ПИН код нь устана; захиалгын түүх санхүүгийн бүртгэл тул үлдэнэ. Тухайн Вендорт бүртгэгдсэн ирц нэргүй ч үлдэхгүй — бүгд устна. Вендор ажилтнаа устгахад захиалга, ирц бүртгэгдээгүй ажилтан тэр дороо устна; бүртгэгдсэн ажилтан жагсаалтаас хасагдаж, нэвтрэх эрх нь хаагдана; түүний ирц, ирцийн зураг, нэр, зураг зэрэг бүх мэдээлэл 30 хоногийн дараа бүрмөсөн устна. Өнгөрсөн захиалга ажилтны нэргүйгээр үлдэнэ.
  • Ирцийн зураг ба байршлын яг солбицол: ирц бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дараа автоматаар устна; ирцийн зургийг нөөц хуулбарт хийхгүй. Ирсэн, явсан цаг, завсарлага, бизнесийн цэг хүртэлх зай, байршлын нарийвчлал нь цалингийн бүртгэл тул Вендорын бүртгэл идэвхтэй байх хугацаанд үлдэнэ (Вендор бүртгэлээ устгахад 8-р хэсгийн дагуу устна).
  • Ирцийн ПИН ба зураг үзсэн бүртгэл: ажилтны ПИН кодыг буруу оруулсан оролдлогын бүртгэл IP хаягийн хамт 24 цагийн дараа, Вендор болон Тов-ын админ ирцийн зураг үзсэн бүртгэл 12 сарын дараа автоматаар устна.
  • Буцаах урьдчилгааны холбоо барих мэдээлэл: Үйлчлүүлэгч бүртгэлээ устгахад Вендор түүнд Quick QR урьдчилгаа буцаах ёстой бол түүний нэр, утасны дугаар тэр урьдчилгааны бүртгэл дээр үлдэж Вендорт харагдана. Буцаалт баталгаажмагц, эсвэл хамгийн ихдээ 30 хоногийн дараа автоматаар устна.
  • Бэлгийн картын хүлээн авагчийн мэдээлэл: хүлээн авагчийн нэр, утас, захиасыг карт бүрэн зарцуулагдсан, хугацаа нь дууссан, мөнгө нь буцаагдсан эсвэл картыг гаргасан Вендор бүртгэлээ устгаснаас хойш 6 сарын дараа автоматаар устгана (тухайн картаар хийсэн захиалга хүлээгдэж байгаа, эсвэл гарсан Вендорын холбоо барих мэдээлэл хадгалагдаж байгаа бол түүний дараа); төлбөр нь хийгдээгүй худалдан авалтынхыг 30 хоногийн дараа устгана. Дуусах хугацаагүй, үлдэгдэлтэй картынх карт ашиглагдах боломжтой байх хугацаанд хадгалагдана.
  • Гарсан Вендорын холбоо барих мэдээлэл: Вендор үйлчлүүлэгчдэдээ буцаах урьдчилгаа, бэлгийн картын үлдэгдэл эсвэл багцын ашиглаагүй эрхийн өртэй байхдаа бүртгэлээ устгавал бизнесийн нэр, утас, и-мэйл, регистрийн дугаар, эзэмшигчийн нэрийг тусад нь хадгална. Зорилго нь тэдгээр үйлчлүүлэгчид (бэлгийн картын хүлээн авагч орно) Вендортой холбогдож тооцоогоо хийх явдал тул тэдэнд бизнесийн нэр, утас, и-мэйлийг өгнө. Тооцоо бүрэн дуусмагц, эсвэл бүртгэл устгаснаас хойш 12 сарын дараа (ашиглаагүй бэлгийн карт, багцын хүчинтэй хугацаа үүнээс урт бол тэр дуусахад, хамгийн ихдээ 36 сарын дараа; дуусах хугацаагүй бол 36 сарын дараа) үйлчлүүлэгчдэд илгээсэн энэ тухай мэдэгдлийн хамт автоматаар устна. Дансны мэдээллийг хадгалахгүй. Тов Вендорыг түдгэлзүүлэхэд мөн холбогдох үйлчлүүлэгчдэд бизнесийн нэр, утас, и-мэйлийг өгнө. Вендор Тов-д төлөх төлбөрөө сунгаагүйгээс жагсаалт нь нийтээс хасагдаад 14 хоног болоход мөн адил өгнө.
  • «Агент ирж танилцуулах» хүсэлт: вэбийн маягтаар үлдээсэн бизнесийн нэр, утас, дүүрэг нь агент холбогдоход зориулагдсан бөгөөд тухайн дугаараас сүүлд хүсэлт ирснээс хойш 3 сарын дараа автоматаар устна. Хүсэлтийн дагуу бизнес Тов-д бүртгэгдсэн бол цаашид Вендорын мэдээллийн адил хадгалагдана.
  • Платформ ашиглах гэрээ: Вендор гэрээг баталгаажуулсан бүртгэл — гэрээний хувилбар ба текст, гэрээний талын нэр, регистр, баталгаажуулсан хүний нэр, албан тушаал, регистр, утасны дугаар, огноо, IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл — гэрээний баримт тул Вендорын бүртгэл идэвхтэй байх хугацаанд болон бүртгэлээ устгаснаас хойш 3 жил хадгалагдаж, дараа нь автоматаар устна.
  • Нөхцөл, бодлоготой танилцсан тэмдэглэл (4-р хэсэг): хэрэглэгчийнх бүртгэлээ устгахад хамт устна; Вендорынх бүртгэл идэвхтэй байх хугацаанд болон бүртгэлээ устгаснаас хойш 3 жил хадгалагдаж, дараа нь автоматаар устна.
  • Хайлтын бүртгэл: данс, төхөөрөмж холбоогүй, бүдүүвчилсэн байршилтай хадгалагдаж, 180 хоногийн дараа автоматаар устна.
  • Вендорын хуудас үзсэн бүртгэл: данс, төхөөрөмж холбоогүй тоо хэлбэрээр хадгалагдаж, 180 хоногийн дараа автоматаар устна.
  • Мэдэгдэл: танд илгээсэн мэдэгдэл (push, SMS, и-мэйл, Messenger) болон түүний хүргэлтийн бүртгэлийг 90 хоногийн дараа автоматаар устгана. Мэдэгдсэний нотолгоо болох мэдэгдэл — Үйлчилгээний нөхцөл, энэ бодлогын өөрчлөлтийн тухай; Вендорт очих гэрээ, тарифын өөрчлөлт, төлбөрийн баримт, түдгэлзүүлэлт, Тов-оос буцаан олгох төлбөр, төлбөрөө сунгаагүй үеийн үүргийн тухай — хүлээн авсан бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалагдах ба тэдгээрт жагсаасан үйлчлүүлэгчдийн нэрийг 90 хоногийн дараа хасна. Гарсан Вендорын холбоо барих мэдээллийг агуулсан мэдэгдэл тэр мэдээллийн хамт устна.
  • Нэвтрэх, баталгаажуулах код: нэвтрэх, нууц үг сэргээх, и-мэйл баталгаажуулах, бизнес идэвхжүүлэх, гэрээ баталгаажуулах, суваг холбох код хүчинтэй хугацаа нь дууссанаас хойш 7 хоногийн дараа устна; Вендорын бүртгүүлэх хүсэлт кодынхоо хамт үүссэнээс хойш 2 хоногийн дараа устна.
  • Техникийн лог ба нөөц хуулбар: аюулгүй байдал, алдаа оношлох, сэргээх зорилгод шаардлагатай хугацаанд. Устгасан мэдээлэл, файл нөөц хуулбарт хуучин хуулбар ээлжлэн устах хүртэл үлдэж болох бөгөөд зөвхөн сэргээхэд ашиглагдана.

Энд хугацаа заасан мэдээллийг тэр хугацаа өнгөрмөгц автоматаар устгана. Хугацаа заагаагүй мэдээллийг зорилгод шаардлагатай хугацаагаар л хадгалж, дараа нь устгах эсвэл таныг таних боломжгүй болгоно.

8. Бүртгэлээ устгах

8.1. Бүртгэлээ устгах

Бүртгэлээ хэдийд ч өөрөө устгаж болно. Гар утасны аппад Профайл → Бүртгэл устгах → Бүртгэлээ устгах, вэб дээр Профайл хуудас (Вендор бол Вендорын профайл) дотор мөн адил товч байна. Нууц үгээ (нууц үггүй бүртгэлд давтан баталгаажуулалт) баталгаажуулмагц устгал шууд хийгдэнэ. Аппад нэвтэрч чадахгүй бол support@tov.best хаягаар бүртгэлтэй утасны дугаараа бичиж хүсэлт гаргана — бусдын бүртгэлийг устгахаас сэргийлж таныг баталгаажуулна. Устгах товчийг дарахад тухайн бүртгэлээс юу устаж, юу үлдэхийг эцсийн баталгаажуулалтаас өмнө харуулна.

Устах зүйл: нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, нууц үг, дуртай Вендорын жагсаалт, дараалалд бүртгүүлсэн мэдээлэл, урамшууллын карт ба ашигласан урамшууллын түүх, нээгдэхэд мэдэгдэх хүсэлт, мэдэгдлийн тохиргоо, push токен, холбосон суваг, нэвтрэх код, танд ирсэн мэдэгдэл, Вендорын таны тухай хөтөлсөн тэмдэглэл, Вендорын гараар бүртгэсэн захиалгад таныг нэрлэж бичсэн нэр, нөхцөл, бодлоготой танилцсан тэмдэглэл, Тов дээрх Вендорын мэдэгдлийн түүхэн дэх таны нэр, утас бүхий мэдэгдэл. Нэвтрэх боломж тэр дороо хаагдана. Хэрэглэгч Тов-д зураг оруулдаггүй тул устгах зургийн файл байхгүй.

Үлдэх зүйл: өнгөрсөн захиалга, төлбөр, буцаалт болон үнэлгээний бүртгэл. Эдгээр нь Вендорын санхүүгийн баримт бөгөөд зөвхөн таных биш. Тэдгээрээс таны нэр, холбоо барих мэдээлэл салгагдаж, сэтгэгдэл тань «Устгасан хэрэглэгч» нэрээр харагдана. Гэхдээ сэтгэгдлийн текст эсвэл тэмдэглэлд та өөрийгөө таних зүйл бичсэн бол автоматаар арилахгүй — устгуулах эсвэл засуулах хүсэлтийг support@tov.best хаягаар гаргана уу. Сэтгэгдлийг ийм хүсэлтээр ажлын 5 өдрийн дотор устгана; бүртгэл устгасны дараа таныг утасны дугаараар олох боломжгүй тул хүсэлтдээ захиалгын кодоо бичнэ үү. Вендор танд Quick QR урьдчилгаа буцаах ёстой бол нэр, утасны дугаар тань тэр урьдчилгааны бүртгэл дээр үлдэж Вендорт харагдана — буцаалт баталгаажмагц, эсвэл хамгийн ихдээ 30 хоногийн дараа устна (7-р хэсэг). Худалдаж авсан бэлгийн карт кодоороо хүчинтэй хэвээр боловч код апп дээр харагдахаа болих тул устгахаасаа өмнө тэмдэглэж аваарай; хүлээн авагчийн нэр, утас, захиас картын бүртгэлд 7-р хэсэгт заасан хугацаанд үлдэнэ. Ашиглаагүй багцын эрх бүртгэлд холбогддог тул устгасны дараа ашиглагдахгүй — устгахаасаа өмнө Вендорт хандана уу.

Ирээдүйн захиалга: цуцлагдаж, Вендорт мэдэгдэнэ. Ингэж цуцлагдсан захиалгад төлсөн урьдчилгааг Вендор өөрийн данснаас буцаана; систем урьдчилгааг автоматаар буцаахгүй. Энэ үед цуцлалтын суутгал тооцохгүй: цуцлах эцсийн хугацаа өнгөрсөн байсан ч урьдчилгааг бүтнээр нь буцаана. Бүртгэл устгасан ч хууль ёсны буцаалт авах эрх тань хэвээр бөгөөд support@tov.best хаягаар хандана уу.

Вендорын бүртгэл: бизнесийн нэр, хаяг, байршил, тайлбар, холбоо барих мэдээлэл, регистрийн дугаар, эзэмшигчийн нэр, гэрээний талын нэр, регистр, дансны мэдээлэл (QPay-д илгээхийг зөвшөөрсөн тэмдэглэл орно), Google Calendar-ын холболт, салбар болон хаягийн өөрчлөлтийн хүсэлт, бүртгүүлэхдээ илгээсэн мэдээлэл, цагийн хуваарийн хаалтын тайлбар, Тов-ын агентын тэмдэглэл, Тов түдгэлзүүлсэн шалтгаан, дүрэм, Тов хассан дүрмийн текст, түүнд бичсэн админы тэмдэглэл, богино хаяг (tov.best/<нэр>) ба түүний өмнөх нэрс, «Messenger-ээр асуух» товчны Facebook хуудасны нэр, үйлчлүүлэгчдийнхээ тухай хөтөлсөн тэмдэглэл, гараар бүртгэсэн захиалгад бичсэн үйлчлүүлэгчийн нэр арилж, жагсаалт нийтээс хасагдана; богино хаягийн нэр бусдад шууд чөлөөтэй болно. Захиалгад хадгалсан дүрмийн хуулбар болон захиалгын бүртгэлд холбогдсон үйлчилгээний нэр, тайлбар, үнэ захиалгын бүртгэлийн хамт үлдэнэ. Google Calendar-ын зөвшөөрлийг Google дээр цуцалж, цуцлагдсан захиалгыг календараас хасна. Галерейн зураг, ажилтны зураг файлтайгаа хамт устна. Ажилтан бүрмөсөн устна; харин захиалга (эсвэл өөр салбарт ирц) бүртгэгдсэн ажилтны нэр «Устгасан ажилтан» болж, зураг, танилцуулга, ПИН код нь устан, нэвтрэх эрх нь хаагдана — захиалгын түүх нь уншигдахуйц үлдэнэ. Тухайн Вендорт бүртгэгдсэн ирц — ирсэн, явсан цаг, завсарлага, засвар, тэмдэглэл, ирц бүртгэхэд авсан зураг, байршил — бүгд устна; ирцийн тайланг устгахаас өмнө татаж авна уу. Тайланг вэб порталын Цагийн бүртгэл → «Ирцийн тайлан татах (CSV)»-аар татна; энэ нэмэлт үйлчилгээ хаалттай бол support@tov.best хаягаар хүснэ үү. Дангаар нь устгасан салбар зөвхөн өөрийн ирцийг устгана, бусад салбарынх үлдэнэ. Үндсэн бизнесийг устгахад салбарууд нь хамт устна. Вендорын оруулсан утасны дугаараар үүссэн үйлчлүүлэгчийн бүртгэл (нэр, утас) тухайн хүнийх тул Вендорыг устгахад устахгүй; тэр хүн өөрөө устгаж болно. Үйлчлүүлэгчдэд буцаах урьдчилгаа, бэлгийн картын үлдэгдэл, багцын эрх үлдсэн бол устгах товчийг дарахад тэдгээрийг харуулна; устгасан ч тэдгээр нь Вендорын үүрэг хэвээр. Энэ үед бизнесийн нэр, утас, и-мэйл, регистрийн дугаар, эзэмшигчийн нэр тооцоо дуустал, гэхдээ 12 сараас (ашиглаагүй бэлгийн карт, багцын хүчинтэй хугацаа үүнээс урт бол тэр дуустал, хамгийн ихдээ 36 сараас) илүүгүй хугацаагаар хадгалагдаж (7-р хэсэг), холбогдох үйлчлүүлэгчдэд нэр, утас, и-мэйлийг нь өгнө. Харин баталгаажуулсан платформ ашиглах гэрээ (гэрээний талын болон гэрээ баталгаажуулсан хүний нэр, регистр орно) болон нөхцөл, бодлоготой танилцсан тэмдэглэл гэрээний баримт тул бүртгэл устгаснаас хойш 3 жил хадгалагдаж, дараа нь устна (7-р хэсэг).

9. Таны эрх

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та дараах эрхтэй:

  • өөрийн тухай мэдээлэл цуглуулсан эсэх, ямар зорилгоор, хэнд дамжуулсныг мэдэх;
  • мэдээллийнхээ хуулбарыг цахим эсвэл цаасан хэлбэрээр үнэ төлбөргүй авах, түүнийг өөрийн сонгосон этгээдэд шилжүүлүүлэх;
  • алдаатай мэдээллээ засуулах, боловсруулалтыг зогсоох эсвэл хуульд заасны дагуу устгуулах;
  • өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцлах, мэдэгдэл хүлээн авахаас татгалзах (апп, вэбийн тохиргоо эсвэл support@tov.best);
  • мэдээлэл боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах.

Хүсэлтээ support@tov.best хаягаар эсвэл аппын тохиргоогоор гаргана. Бид хүсэлтийг хүлээн авснаа ажлын 1 өдрийн дотор мэдэгдэнэ. Бусдын мэдээлэл задрахаас сэргийлж таныг бүртгэлтэй утасны дугаараар тань баталгаажуулаад, баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор хариу өгнө; хуульд үүнээс богино хугацаа заасан бол түүнийг баримтална. Мэдээллийн хуулбарыг машинаар уншигдах (JSON) файлаар өгнө. Хүсэлт бүхэлдээ эсвэл хэсэгчлэн биелэхгүй бол шалтгааныг тайлбарлана. Вендорын өөрөө хариуцдаг мэдээллийн (жишээ нь Вендорын таны тухай хөтөлсөн тэмдэглэл) хүсэлтийг тухайн Вендорт дамжуулж, танд мэдэгдэнэ. Та эрхээ зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн үндэсний комисс, хуулиар эрх олгосон бусад байгууллага болон шүүхэд хандах эрхтэй; эхлээд Тов-д хандах нь заавал биелүүлэх нөхцөл биш.

10. Мэдээллийн хамгаалалт

Нууц үгийг bcrypt алгоритмаар хэшлэн хадгална. Сайт болон апп HTTPS-ээр холбогдоно. Ажилтан, агент, админд ажлын хэрэгцээнд тохирсон хязгаарлагдсан эрх олгож, ажлаас гарахад цуцална. Тов-ын админы системд хандсан хүсэлт бүрийг бүртгэнэ. Нэвтрэх оролдлогыг хязгаарлаж, төлбөрийн мэдэгдлийг гарал үүслээр нь шалгана. Аль ч системд эрсдэл бүрэн арилдаггүй тул хамгаалалтыг тогтмол хянана.

Мэдээллийн зөрчил илэрвэл бид нэвтрэлтийг хязгаарлаж, нотолгоог хадгалан, шалтгааныг шалгаж, нөлөөллийг багасгана. Зөрчил таны эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бол танд даруй мэдэгдэх бөгөөд ямар мэдээлэл хамаарсан, учирч болох үр дагавар, бидний авсан болон таны авч болох арга хэмжээ, холбоо барих хаягийг заана. Зөрчил бүрийг бүртгэж, хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдээлэх ба зөрчлийн бүртгэлийг жил бүр Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлнэ.

11. Насанд хүрээгүй хүн, эмзэг мэдээлэл, урьдчилан бүртгэсэн газрууд

Платформын данс болон өөрийн нэрээр захиалах боломж нь 18 нас хүрсэн хүмүүст зориулагдсан бөгөөд нөхцөлийг зөвшөөрөхдөө (4-р хэсэг) та 18 нас хүрснээ баталгаажуулна. Гэр бүлийн гишүүн, хүүхэд эсвэл бусдад зориулж захиалахад захиалга таны дансанд бүртгэгдэнэ; 18 нас хүрээгүй хүнд зориулж захиалахдаа та түүний эцэг эх, асран хамгаалагч эсвэл тэдний зөвшөөрөлтэй байх ёстой. Насанд хүрээгүй хүний мэдээлэл цугларсан гэж үзвэл support@tov.best хаягаар мэдэгдэнэ үү; шалгаж, устгах арга хэмжээ авна.

Эрүүл мэндийн мэдээлэл. Тов харшил, онош, эмчилгээ зэрэг эрүүл мэндийн мэдээлэл асуудаггүй, цуглуулдаггүй бөгөөд Вендор ийм мэдээллийг Тов-д тэмдэглэж болохгүй. Эмнэлэг, шүдний эмч, сэтгэл засал зэрэг газарт цаг захиалахад бусад захиалгын адил Вендор, үйлчилгээ, цаг бүртгэгдэнэ (2-р хэсэг). 5-р хэсэгт нэрлэсэн эрүүл мэндийн чиглэлийн газарт цаг захиалсан нь өөрөө эмзэг мэдээлэл байж болох тул түүнийг тэнд заасны дагуу мэдэгдэлд оруулахгүй, хамгаалж боловсруулна. Та ч эрүүл мэнд, эмчилгээний мэдээллээ сэтгэгдэл болон захиалгын тэмдэглэлд бичихгүй байхыг хүсье. Үүнээс тусдаа жагсаалтаар Тов-ын апп (Android, iOS) шүдний эмч, нүдний эмч, эмэгтэйчүүдийн эмч, сэтгэл засал, физик эмчилгээ, хоолны зөвлөгч, гоо заслын эмнэлэг, уламжлалт эмчилгээний газрыг жагсаалт, хайлтад харуулахгүй бөгөөд апп-аар ийм газарт цаг захиалах боломжгүй; эдгээрт tov.best вэбээр цаг захиална.

Платформд эзэмшигч нь хараахан баталгаажуулаагүй үйлчилгээний газрын лавлах мэдээлэл (нэр, ангилал, хаяг, дүүрэг, утас, газрын зураг дээрх цэг, Тов-ын агентын авсан байрны зураг) байж болно. Энэ мэдээллийг Тов өөрөө цуглуулж бүрдүүлсэн (Тов-ын агентын газар дээр нь цуглуулсан мэдээлэл үүнд орно) эсвэл эзэмшигчээс авна. Эзэмшигч мэдээллээ баталгаажуулах хүртэл ийм газрын зөвхөн нэр, ангилал, дүүрэг, газрын зураг дээрх цэг нийтэд харагдах бөгөөд утас, хаяг, тайлбар, зураг харагдахгүй; ийм газарт онлайн захиалга хийх боломжгүй. Тов-ын агент ийм газарт Тов-ын үйлчилгээг танилцуулахаар холбогдож болно. Та татгалзвал Тов дахин холбогдохгүй, хүсвэл мэдээллийг тань жагсаалтаас бүрмөсөн хасна. Мэдээллээ баталгаажуулж эзэмших, засуулах, хасуулах эсвэл холбоо барихаас татгалзах хүсэлтээ support@tov.best хаягаар гаргана уу.

12. Бодлогын өөрчлөлт

Энэ бодлогыг өөрчлөх бол шинэ хувилбарыг огноо, хувилбарын дугаартай нь энэ хуудсанд нийтэлнэ; өмнөх хувилбаруудыг хуудасны дээд хэсэгт байх холбоосоор үзэж болно. Цуглуулах мэдээлэл, зорилго, хадгалах хугацаа эсвэл хүлээн авагч өөрчлөгдөх зэрэг чухал өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө апп, вэб дотор болон бүртгэлтэй сувгаар (push, и-мэйл, Messenger) мэдэгдэж, хүчин төгөлдөр болсны дараа апп эсвэл вэбээр нэвтрэхэд шинэ хувилбартай танилцуулна. Шинэ зөвшөөрөл шаардсан боловсруулалтыг тэр зөвшөөрөлгүйгээр эхлүүлэхгүй.

13. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
support@tov.best

Мөн Үйлчилгээний нөхцөл-тэй танилцана уу.